Дархан-Уул аймгийн аялал жуучлалын сайтад тавтай морилно уу. .

Г.Эрдэнэбат: Дарханы хөгжлийн гарц үйлдвэржилт

Posted by dolgoondoke On 8:14 PM No comments

 
Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат хотынхоо ирээдүйг тун ч өөдрөгөөр төсөөлж байна. 50 жилийнхээ төрсөн өдөртэй золгож буй Дархан хотод нефть боловсруулах үйлдвэр шаваа тавих болсон. Найман жилийн турш хөөцөлдсөн үйлдвэр технологийн паркийн асуудал шуудрах шатандаа яваа учраас тэр Дарханы ирээдүйг үйлдвэржсэнээр төсөөлж байлаа.
Аравдугаар сарын 17 буюу хот байгуулагдсан өдрийг угтан Засаг дарга Г.Эрдэнэбат хэвлэлийнхнийг зангиагүй уулзалтад урьсан юм. Энэ үеэр үйлдвэржилт, орон сууц, агаарын бохирдол, Дархан 50 цогцолборын хандивын асуудал, Дархан сумын нэгдүгээр багийн иргэдэд тулгараад буй тоосжилт болон эрсдэлийн сэдэв ч хөндөгдсөн юм.
-Саяхан Засгийн газрын хуралдаанаар Дархан хотод нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Үйлдвэр байгуулах талаар эхний ажлууд хийгдэж байгаа юу?
-Дарханд 2 сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг энэ сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Монгол Улсын нефть үйлдвэрлэгч компаниуд болон төрийн өмчийн оролцоотой Монгол секью компанийн хамтарсан консорциум байгуулах шийдвэр гарсан. Японы Засгийн газрын банкны санхүүжилтээр хийгдэх юм. Энэ 22-23-ны өдөр Японы хоёр корпарацийн дэд ерөнхийлөгч нар Дарханд айлчилна. 23-нд шаваа тавина гэсэн үг. Шав тавьснаар техник, эдийн засгийн үндэслэл нь гурван сарын хугацаанд дахин боловсрогдоно. Хавраас барилгын ажил нь эхэлнэ. Дарханчуудад ажлын байр нэмэгдэж, химийн үйлдвэр хөгжүүлэх томоохон алхам болж байна.
 -Энэ үйлдвэр хэдий хэр ажлын байр бий болгох бол?
-Эхний ээлжинд 600-гаад ажлын байр бий болгоно гэж байгаа. Зөвхөн газрын тос боловсруулаад үлдсэн түүхий эдээр гэхэд арваад химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Бид зам засварлахдаа битум гаднаас авдаг. Тэгвэл одоо гаднаас авах шаардлагагүй болно. 2 сая тонн нефтийг нэрж гаргахад 1.5 сая шингэн түлш гаргана. Энэ нь Монгол Улсын нефтэн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах хэмжээ. Түүхий эдийг гаднаас авах юм. Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд ОХУ, Казакстанд айлчлахдаа санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Үүндээ Монгол Улсад 2 сая түүхий нефть боловсруулах боломжтой гэж тохирсон юм билээ. Нефть боловсруулах үйлдвэр 2015 онд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ шүү дээ. Барилгын ажил нь гурван жил үргэлжлэх юм. 600 сая доллар гэдэг маань үндсэндээ 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орох ёстой.
-Үйлдвэр технологийн парк Дарханд байгуулах талаар удтал ярьсан. Иргэдийн дунд хүлээлт үүссэн байгаа. Цаашдаа иргэд юуг хүлээж болох вэ?
-2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ тухай тусгасан. 2003 оноос хойш найман жил хүмүүсийг хүлээлтийн байдалд оруулсан учир нь хууль нь гарч өгөхгүй удсантай холбоотой. 2010 оны сүүлээр хууль нь гараад энэ хавар дөрвөн сард журам нь гарлаа. Есдүгээр сард бид ХХААХҮЯ-нд саналаа тавьсаныг та бүхэн мэдэж байгаа. Бид хоёр жилийн өмнө Үйлдвэр технологийн паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулчихсан, ашиглалтын өмнөх захиргааны барилга байшинг нь аваад тавьчихсан, ажлаа эхэлье гэж хүссэн. ХХААХҮЯ шуурхай арга хэмжээ авч, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Аравдугаар сардаа багтаагаад Засгийн газрын шийдвэр гарах ёстой. Хоёр хоногийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дархан-Уул аймгийн Үйлдвэр, технологийн паркийн асуудал орсон. Дарханд үйлдвэр технологийн парк байгуулах нөхцөл нь хангагдсан. Нэгдүгээрт Дарханд, дараа нь Багануурт байгуулах талаар яригдсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ тухай хэлэлцлээ. Өнөөдөр манай Технологийн их сургуулийн эрдэмтэдийн багаас Техник эдийн засгийн үндэслэл хийх, технологийн түвшний үнэлгээ хийх, хөгжлийн төлөвлөгөө хийх багууд гарч үндсэндээ ажлаа дуусч байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдэж дуусч байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд дэд бүтцийн судалгаа хийгдэх ёстой. Дэд бүтцийн судалгааны багийнхан Дарханд ажиллаад буцсан. Өчигдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар үйлдвэр, технологийн парк байгуулах шийдвэр нь гарчихлаа. Дархан-Уул аймгийн үйлдвэр технологийн парк, олон нийтийн өмчийг байгуулсугай гэсэн шийдвэр гарсан. Долоо хоногийн дотор өмчлөгчийн хувьд ИТХ, аймгийн Засаг дарга хамтарч төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах ёстой. ТУЗ дүрмээ боловсруулаад, хуулийн этгээд болохоор Засгийн газрын шийдвэр гарах юм. Ингээд 2012 оноос эхлээд Үйлдвэр технологийн паркаа авч явах бүтцийг бий болгоод үйлдвэрлэгч нар төрийн байгууллагын хамтарсан нэгж болох юм. Үйлдвэр, технологийн паркт багтаж байгаа үйлдвэрүүд газрын, үл хөдлөх хөрөнгийн мөн үйлдвэрлэлээ өргөтгөхөөр гаалиар оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлөх гэх мэт маш олон хөнгөлөлт эдэлнэ. Эхний ээлжинд бидний тооцож буйгаар Дарханд 12 үйлдвэрийн хэмжээнд 100 гаруй сая төгрөг хөнгөлөлтөд хамрагдана. Тухайн аж ахуйн нэгж тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтаа нэмэх боломжтой. Төмөрлөгийн үйлдвэр Төмөртэйн ордоо ашиглаж эхэллээ. Ангижруулах үйлдвэрээ хавраас байгуулна. Төмөрлөгийн үйлдвэр зөвхөн түүхий эд гаргах биш өөрөө боловсруулалтаа хийнэ. Яахав манай Төмөр толгойн хүдэр агуулга багатай, хүхэрлэг ихтэй учраас заавал дахиж бас нэг жижиг хэмжээний үйлдвэр барьж хүхрээс нь салгаж байж ангижруулах шаардлагатай юм билээ. Төмөртэйн хүдэр агуулга өндөртэй учраас Төмөртэйн хүдрээр шууд үйлдвэрлэл явуулах боломжтой. Хөрөнгө оруулалтын асуудлыг Германы талтай манай Төмөрлөгийнхөн ярьж байгаа. Энэ шийдэгдвэл хавраас ажиллуулна. Нэхий эдлэлийн үйлдвэр социализмын үед сая 500 мянган нэхий боловсруулж байсан чадалтай үйлдвэр. Хүчин чадлынхаа дөрөвний нэгийг ашиглаж байгаа. Үүнийг ядаж сая болгоё. Нэхий эдлэлийн үйлдвэрийг дагасан жижиг оёдлын үйлдвэрүүд бий болохыг дэмжье. Ингэж том үйлдвэрүүдийг жижиг үйлдвэрүүдтэй холбож цогцоор нь ажиллуулах хэрэгтэй. Үйлдвэр технологийн парк гэдэг маань үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлье гэсэн үг. Үүний тулд үйлдвэрүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.
 -Аймгийн удирдлагууд үйлдвэр технологийг хөгжүүлэхээс гадна хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Бид малын удмын сангийн цогцолборын шавыг тавьсаныг та нар мэдэж байгаа. Үүний зураг төсөв нь гарсан. 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Дархан-Уул аймагт хуучин нийгмийн үеийн нарийн нарийвтар ноост хонины цөөхөн цөм сүрэг үлдсэн. Тэр нь Хонгор сумын нутагт байгаа. Ийм учраас бид малын удмын сангаа авч үлдэх газрыг Дарханд байгуулахаар шийдсэн юм. Газар тариалангийн бүс нутаг учраас бидэнд эрдэм шинжилгээний байгууллага байна. Үүнийг түшиглэн олон улсын шоу төв байгуулах саналыг ХХААХҮЯ-нд тавьсан. Энд Монголын газар тариаланд хэрэглэгддэг бүх тоног төхөөрөмж үзэсгэлэн маягаар тавигдах юм. Төвийн дэргэдэх 50-80 га газарт тухайн худалдан авагчид зориулан тоног төхөөрөмжийг ашиглах сургалт хийх гэх мэт үйлчилгээ үзүүлэх учиртай. Бид Дархан хотын дэд бүтцийг ашиглаад ийм цогцолборуудыг Хонгорт төвлөрүүлэх боломжтой гэдэг саналыг ХХААХҮЯ-нд тавьсан. Газар тариалангийн хувьд одоо байгаа эргэлтийнхээ талбайг зуун хувь ашиглах ёстой.
Залуучууд, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.
 -Иргэдээ орон сууцжуулахад яаж анхаарах вэ?
-Төвлөрсөн хотуудад орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх тухай УИХ-ын шийдвэр байдаг. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр Дарханд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулж Улаанбаатарт дөрөв, таван байр хуваарилдаг. Дарханы боловсон хүчинг төв рүү татах бодлого яваад байна гэж үүнд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Бидэнд XIII хороолол гэж Дархан буудлын хажууд байдаг бас л олон жил зогссон барилга байна. Таван барилгын суурь тавигдчихсан байгаа. Энд 3.5 тэрбум төгрөгөөр газар дор инженерийн байгууламжийг нь хийчихсэн. Энэ жил 250 сая төгрөгөөр нэг хуваарилах байгууламжийг нь гүйцээсэн. Энэ 13.2 га газрыг аймаг хурааж авсан. За яахав тухайн иргэн надтай шүүхдэж байгаа. Нэгэнт газрын хуулийн дагуу хийгээгүй л бол энэ газрыг хураах учиртай. Одоо байгаа газрыг яахав тэд нартаа өгнө. Энд гурван төрлийн барилга баригдах юм. Town house гэж жижиг болон дунд орлоготой хүмүүст зориулсан нэг загварын хаус байдаг. Өндөр орлоготой хүмүүсийн тусдаа хаусын газар, 1500 айлын орон сууц барих зориулалттай талбай бий. Энд эхний ээлжинд 106 айлын зургаан орон сууц баригдах ёстой. XIII хороололд төрийн албан хаагчид маань газраа авч эхэлсэн. Цагдаагийн байгууллага хөрөнгө оруулагчаа оруулж ирээд тодорхой хөрөнгө оруулалтаар хавар барилгын ажлаа эхлэх гэж байна. Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтынхан эхлэх гэж байна.Яг ингээд өөрсдөө хөрөнгөө оруулаад барьсан хүмүүст нь энэ газрыг өгье. Бид Засгийн газрын хэрэг эрхлэх газарт саналаа тавьсан. Орон сууцжуулах хөтөлбөртэй Дарханыг холбож өгөөд бондын хөрөнгийг Дарханд оруулж ирэх хэрэгтэй байна. Бидэнд барилгын материал нь, барилга барьдаг байгууллагууд, газар нь байна. Ийм боломж байхад бид Засгийн газрын хөнгөлөлттэй бондыг оруулж ирээд хүмүүст урт хугацаатай, бага хүүтэй зээлээ өгөөд орон сууцжуулах ёстой. Ялангуяа залуучууд, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Чадвал энэ ондоо багтаагаад Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулах юм.
Ер нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид Засгийн газарт хэд хэдэн асуудлыг тавьж, шийдвэр гаргуулж чадлаа. Нефть боловсруулах үйлдвэр, үйлдвэр технологийн паркын асуудлыг шийдүүлсэн шүү дээ.
-Орон сууцны шинэ хороолол босох нь ээ. Харин Хабитат, Мангирт хороолол агаарын бохирдол үүсгэхэд нэлээд хувь нэмрээ оруулж байгаа. Ер нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг багасгах талаар та ямар чиглэл баримталж байгаа вэ?
-Орон сууцжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Гаднаас ирж байгаа нүүдэл үндсэндээ гэр хорооллыг нэмж байна. Бид ерөнхий төлөвлөлтөөрөө гэр хорооллыг хотынхоо утааны доод хэсэгт байрлуулж эхэлсэн. Хабитат хорооллын хувьд эхэндээ дэд бүтэц баригдана гэсэн ойлголттой байсан ч тийм биш болсон учраас аймгийн ИТХ-ын шийдвэрээр нэмж газар олгохыг бүрэн зогсоосон юм. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Эд нар маань агаарын бохирдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийгээд 2011-2012 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргасан байгаа. Үүний өмнө яаралтай хэрэгжүүлж болох долоон зүйлээр аймгийн Засаг даргын шийдвэр гарсан. Дархан хотынхоо ногоон бүс дотор 20 км-т шохой шатаахыг зогсоосон. Олборлолт хийж болно, шаардлагатай бол хотын ногоон бүсээс гарч үйлдвэрлэл явуулах учиртай. Дарханд агаар бохирдуулагч томоохон дөрвөн эх үүсвэр бий. Эрэл цемент, Силикат, ТЭЦ, Төмөрлөг. Эдэнд бид мэдэгдлээ хүргүүлсэн. Эдгээр үйлдвэрүүд электрон шүүлтүүр тавих шаардлагатай. Төмөрлөгийн үйлдвэр гэхэд баригдах үеийнх нь шүүлтүүр байхгүй болчихсон байгаа. Цемент ийм шүүлтүүр тавьж байгаа. Бид хугацаа өгсөн. Энэ хугацаанд хэрвээ агаарын бохирдлоос хамгаалах шүүлтүүр авч тавихгүй бол бүрэн эрхийнхээ дагуу хаана гэдгээ хэлсэн. Өнөөдөр энэ үйлдвэрүүд ажиллаж байх нь орон нутагт, улс оронд хэрэгтэй ч ард иргэд маань аюулгүй нөхцөлд амьдрах шаардлагатай. Хотын дотор түүхий нүүрсний хэрэглээг багасгая. Өнгөрсөн бямба гаригт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ирсэн нарийн бичгийн даргад мэдээллээ танилцуулж, хамтарсан хурлыг Дарханд хийхээр санал тавьсан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд бид утаа багатай зуух, түлшний үнийг хөнгөлөх ёстой. Эхний ээлжинд 13 мянган айл өрхийг ийм зуухаар хангавал агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Цэвэр агаар сан, Цэвэр агаар төсөлтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа.
-Иргэд агаарын бохирдлоос гадна тоосжилтод санаа зовж байна. Лхагва гарагт төмөрлөгийн үйлдвэрийн хүдэр зөөдөг хүнд даацын автомашин айлын хашаа мөргөсөн байна. Дархан сумын нэгдүгээр багийн иргэд хүний амь эрсдэхээс эмээж байна. Мөн хүнд даацын автомашинуудын тоосноос болж хэцүү нөхцөлд амьдарч байна гэсэн гомдол тавьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Төмөр замын удирдах газартай бид ярьж байгаа. Үйлдвэрийн бүсэд ачих буулгах станцаа байгуулая. Хойд тэнхлэгээсээ болъё, урд тэнхлэгтээ гаргая гэж ярьсан. Өнөөдөр нэг компани зураг төсвөө хийлгээд далангийн ажлаа эхэлчихсэн. Дараа нь төмөр замаа тавихаар ажил нь эхэлчихсэн байгаа. Хуучин хангамжийн наана бүр улаан шугам тавигдаад эхэлсэн. Бид хот дотор ийм машинууд явуулахгүй. Ерөөгийн Баянголд байгаа Хятадын уурхайгаас манай урд талын хоёр үйлдвэр рүү бас хүдэр ачиж байгаа. Бид энд судалгаа хийгээд ойрын үед хойд тэнхлэгээс орж ирж байгаа бүх хүдрийг төмөр замаар тээвэрлэнэ гэсэн саналыг тавих гэж байна. Бид төмөрлөгийг хааж болно. Гэхдээ энэ үйлдвэр манай нийт төсвийн 55 хувийг бүрдүүлж байгаа газар. Тийм болохоор бид төмрийн хүдрээ ачих нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргатай ярьж байгаад төмөр замынхаа наад орчимд ачих буулгах станцаа байгуулах тухай дөрөвдүгээр сард иргэдтэй уулзахдаа хэлсэн. Та нар тоосжилтыг багасгах талаар арга хэмжээ аваачээ гэж Төмөрлөгт бас шаардлага тавьсан. Энэ чиглэлээр аймаг орон нутаг нь, аж ахуйн нэгж нь ажиллана аа. Машин унасан тухай мэдээллийг хэвлэл мэдээллээс харсан. Энэ бол үнэхээр жолоочийн хариуцлагагүй асуудал. Мэдээж манай Замын цагдаагийнхан тодорхой арга хэмжээ авсан байх аа.
Дашрамд хэлэхэд бид 2012 онд нэлээд зүйлийг хийнэ. Ирэх жил 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын ажил эхлүүлнэ. Тэрний гүйцэтгэл нь 30 тэрбум төгрөг болно. Үнэхээр Улсын төсөв хэлэлцэхэд хасагдчихгүй бол парк дотор Хүүхдийн ордон байгуулж, хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагыг төвлөрүүлэх бодолтой байна. Хотын доторх зам засварын ажил хийнэ. Хотын төвийн гурван урсгалын замыг бүрэн хучихаар төлөвлөсөн. Инженерийн байгууламжууд муудсан. Дулаан болон ус сувгийн шугамуудыг 50 хувь шинэчлэх бодолтой байна. Дээврээ шинэчилж дуусгана. Гурван багийн байр барина. Хоёр цэцэрлэг барина. Арван цахилгаан шатны хэрэгцээ бий. 480-аад сая төгрөгний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Ирэх жил хөрөнгийн төвлөрөл Дарханд бий болно. Спорт цогцолборт маань гэхэд дөрвөн тэрбум төгрөг төсөвт тавигдаж байгаа.
-Та хөрөнгө оруулалтын талаар ярилаа. Хөрөнгийн зарцуулалтын талаар зарим иргэд сонирхдог юм байна. Тухайлбал Дархан-50 цогцолбор ойн хүрээнд боссон. Энд улсын төсвөөс гадна хандивлагчдын хөрөнгийг хэр татаж чадсан бол?
-Хамгийн бага хөрөнгөөр бүтээн босгодог аймаг бол Дархан шүү дээ. Улс болон орон нутгийн төсвөөс гадна мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хандив өргөсөн. 500 төгрөгөөс нь авахуулаад 140 сая төгрөг хүртэл нь бид тооцож үзсэн. Цэвэр хандиваар 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Төсөл боловсруулахад асар өндөр өртөгтэй гардаг. Бид хэмнэлт гаргах гэж оролдсон. Бүх юмыг өөрсдөө хийх гэж үзсэн. Хардалт байдаг. Энэ нь юуг нь авчихав, тэр нь юуг нь идчихэв гэх мэт. 150 сая төгрөгийн өртөгтэй юмыг бид 100 сая төгрөгт багтааж хийх гэж үйлээ үздэг. Автомашинаар тэр их шороог зөөхөд бид зах зээл дээрээс машин авч ажиллуулсан бол зардлыг нь дийлэхгүй. 30 тоннын машиныг шатахууныг нь хийгээд л бусдыг нь та нар хандиваар хийгээд өгөөч гэж хүсдэг. Худалдааны байгууллагуудаасаа материалаа маш хямд үнээр авна. Гэх мэтчилэнгээр дарханчууд бүгдээрээ нийлж байгаад энэ сайхан цогцолборыг маш бага үнээр босгосон юм шүү. Дарханд ирсэн хүмүүс гайхдаг. Морин хуур цогцолборыг ч ярьж л байдаг. Үүнийг Улаанбаатарт хийсэн бол 2 тэрбумаас наашгүй л гэдэг. Харин бид 750 сая төгрөгөөр хийчихсэн байдаг. Энэ маш том бүтээн байгуулалт болсон. Үүн дээр дарханчууд надтай санал нэг байгаа байх.
-Орон нутагт эрхийг нь өгье, төвлөрлийг сааруулъя гэж ярьдаг. Манай аймгийн хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ, Дарханы хөгжлийг ямраар төсөөлж байна?
-Орон нутгийг зовоож байгаа асуудал энэ. Төсвийн тухай хууль шинэчлэгдэх шатандаа явж байна. Хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явуулсан. Хуульчлагдаж чадахгүй л яваа. Нэг талаас орон нутаг эрхээ авъя гэдэг. Улсын зүгээс хүндрэлтэй асуудал бий. Өнөөдөр хөрөнгийнхөө төвлөрөлийг бий болгож чаддаггүй аймгууд олон. Аймгуудын 40 орчим хувь нь өөрийгөө санхүүжүүлж байгаа, үлдсэн нь төсвөөс татаас авдаг. Монгол Улсын хэмжээнд тэгшитгэл байхыг үгүйсгэхгүй. Бид 12 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлчихээд найман тэрбум төгрөгөө өгөөд, үлдсэн дөрвөн тэрбум төгрөгөөр нь амьдраад, улсын төсвөөс хөрөнгө оруулаач гэж сууна гэдэг буруу юм. Дархан-Уул аймгийн хөгжлийн гарц нь үйлдвэр. Улаанбаатарыг бодвол манайд дэд бүтэцтэй газрын багтаамж бий. Үйлдвэрийн бүсийн 60 хувь нь барилгажсан ч дахиад цаана нь 40 хувьд нь үйлдвэр барих газар бэлэн байна. Монгол Улс урд тэнхлэгтээ уул уурхайгаа түшиглэсэн хүнд үйлдвэрүүдээ хөгжүүлье, Дархан, Эрдэнэтийн бүсэд экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрүүдийг байгуулъя гэсэн саналыг бид тавьдаг. Бид ургамалын тосны үйлдвэр байгуулчихлаа шүү дээ. Үүнийг дэмжээд өгвөл Монгол Улс ургамалын тос гаднаас авдаггүй болно. Нефть боловсруулах үйлдвэр байгуулчихвал гаднаас шатахуун авах хэрэггүй болно. Энэ бол Монгол Улсын хөгжлийн гарц.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.